
УБ-ын цагаар ням гаригийн шөнийн 2.00 цагаас Ноу Камп цэнгэлдэхэд Ла Лигийн мөнхийн өрсөлдөгчид болох Барселона – Реал Мадридийн тоглолт эхэлнэ. Эдгээр багуудын хоорондын тоглолтыг “Эль Классико” гэж нэрлэдэг.
Тоглолтын өмнө тоглогчид санал бодлоо хэлж байна. Барсагийн гол хөдөлгүүр Чави Эрнандес:
“Бид Реал Мадридийг олон гоолоор хожих тухай бодоогүй. Бид зүгээр л 3 оноогоо л авахыг хүсэж байгаа. Бид өрсөлдөгчөө хүндэлж байгаагийн дээр болгоомжтой байх ёстой”
“Тэд яг одоогоор хүснэгтийг тэргүүлж байна, гоолууд хийж байна. Гэхдээ манай багийн талбайд тоглолт болно, энэ нь биднийг илүү мотивацжуулна”
“Эль Классико бол таамаглах аргагүй байдаг. Багахан зүйлээр шийдэгддэг”
“Бид бөмбөг эзэмшилт дээр давамгайлж, өөрсдийн тоглодог тоглолтоо гаргахыг хүсэж байна. Өөрсдийн стилээрээ тоглоход үр дүн эергээр гарах болно ”
“Бид өөрийн гэсэн философитой. Мадридын баг хэрхэн тоглох нь надад сонин биш” гэж Чави хэлжээ.
Дашрамд дурдахад Барселонагийн хагас хамгаалагч Андрес Иньеста багтайгаа гэрээгээ сунгаж, 2015 оны 6 сарын 30 хүртэл хүчин зүтгэх болсон бөгөөд өөр баг Иньестаг авахыг хүсвэл 200 сая еврог Барсад төлөх ёстой гэсэн заалт орж.
Реал Мадридын хагас хамгаалагч Чаби Алонсо өнөө шөнийн тоглолт чухал гэсэн ч хараахан шийдвэрлэх тоглолт биш гэжээ.“3 онооны тоглолт, гэхдээ бид өөрсдийн хамгийн агуу өрсөлдөгчийнхөө эсрэг тоглох гэж байна. Лиг дуусахад олон тоглолт дутуу тул энэ бүхнийг шийдэх тоглолт биш”
Алонсогийн аав Перико нь экс Барсагийн тоглогч юм байна. “Тэр Барсатай холбоотой ч намайг дэмжих байх, би итгэлтэй байна” гэв.
Криштиану Роналдугийн хувьд Барсад өмнө нь гоол хийж байгаагүй. Барсагийн хөгжөөн дэмжигчид түүнийг таагүй угтах магадлалтай ч үүнийг Роналду хайхрахгүй гэнэ.
“2006 оны ДАШТ-д Португалийн шигшээ баг Английг хожсоны дараа Английн цэнгэлдэх бүрт намайг харааж зүхэж байсан ч би ПЛ-ийн шилдэг тоглогч болсон”
“Бид 2 чухал тэмцээнд тэргүүлж байгаа. Энэ баг зөвхөн надаас хамаарна гэж бодохгүй байна. Бид бүгд үүргээ сайн гүйцэтгэж, гоол хийх болно. Би багтаа туслахыг хүсэж байна. Баг надтай ч, надгүй ч хожиж чадна” гэж Роналду хэлжээ.


No comments:
Post a Comment